top of page
Basketball Court

Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн холбоо

        Европ тивд анх Монгол оюутнууд ирж эхэлснээс хойш улс, хот болгон дор бүрнээ өөрсдийн спорт арга хэмжээнүүдийг зохион байгуулж түүнд сагсан бөмбөгийн тэмцээн зайлшгүй багтдаг спортын төрөл байсан. 1990-д онд Монгол улсад ардчилсан хувьсгал ялж, монголчуудын хувьд хилийн дээс алхах томоохон боломж нээгдсэн. Үүнтэй ч холбоотойгоор Европ тивд сурч боловсрох монголчуудын тоо маш их нэмэгдэж, ингэснээр Европт зохиогдох сагсан бөмбөгийн тэмцээний тоо, хамрах хүрээ 1990 оны сүүл 2000 оны эхээр маш хурдацтай өссөн. Тэр тэмцээнүүдийн нэг болох Чех улсын Праг хотод зохиогддог Оюутны хаврын баяр нь бидний мэдэх Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний суурь болсон юм. 2006 оны 4-р сард болсон уг баярт анх удаа ХБНГУ-аас Монбер, Соёмбо багууд, Польш улсаас Poland баг тус тус оролцож байжээ. Тухайн үед баг харьцангуй цөөн байсан учир тэмцээн голдуу нэг талбайд 2 өдөр үргэлжилж дуусдаг байлаа. Богино хугацааны дараа 2009 оноос ахмад сагсан бөмбөгчид, тэр дундаа Польшын одоогийн ахмад үеийн сагсчид болох Шонхор багийн хамт олон анхны бие даасан ахмад сагсан бөмбөгчдийн тэмцээнээ Варшав хотод зохион байгуулж эхэлсэн. Түүнээс хойш аварга  шалгаруулах тэмцээн өргөжин тэлсээр Европ тивд оршин суугаа нийт монголчууд бидний хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг болж хувирчээ.
2006 оноос хойш насанд хүрэгчдийн ЕАШТ нь 14 удаа, 2009 оноос хойш ахмад тамирчдын ЕАШТ нь мөн 13 удаа тус тус зохион байгуулaгджээ. Үүний хажуугаар Европын олон оронд сагсан бөмбөгийн нээлттэй 5x5 болон 3x3-ын тэмцээнүүд зохион байгуулагдаж, үүнд манай сагсан бөмбөг сонирхогч залуучууд өргөнөөр оролцож байгааг дурьдах хэрэгтэй болов уу.   
 
Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн холбоо нь анх 2011 онд Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны салбар зөвлөл нэртэйгээр Вроцлав хотод байгуулагдаж, анхны Салбар зөвлөлийн тэргүүнээр сагсан бөмбөгийн ОУХМ Бат-Өлзий, 2016 онд СМ Б.Дашдорж нар сонгогдож байжээ.

2023 оны 2-р сард Eвропт ажиллаж амьдарч байгаа сагсан бөмбөг сонирхогч монгол багуудын ахлагч нарын дунд Монголын сагсан бөмбөгийн холбооны Европ дах салбар зөвлөлийн тэргүүн сонгох сонгууль явагдаж СМ Д.Эрдэмбаяр сонгогдсон. Түүнээс хойш Европ дах монголчуудын сагсан бөмбөгийн холбоог шинээр үүсгэж баг хамт олон оо бүрдүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд нийт сагсан бөмбөг сонирхогчдын тоо өссөөр, тэмцээнд оролцох орнуудын тоо тасралтгүй нэмэгдэж, баг тамирчдын ур чадвар жилээс жилд сайжирч, залуу болон ахмад тамирчид, хувь хүнийхээ талаас эрүүл мэнддээ илүү анхаарах болсон нь бид бүхний томоохон амжилт гэж бодож байна.


Сагсан бөмбөг мандтугай!

Eвроп дахь монголчуудын сагсан бөмбөгийн холбоо

bottom of page